Аймаг болгоны Засаг дарга нар Нямбаатар лугаа ангайтал хошгироод, алиа мэдэгдэл хийгээд эхэлбэл за тэгээд Монгол төрийн үүд ба хоймор, босго ба тотго дуус дуус болно. Монгол Улсын Ерөнхий сайдын ажил үүргийн хүрээнд аймаг, хотуудын ЗАСАГ ДАРГА нарыг томилох, огцруулах эрх нь нээлттэй. Учрал харин ч Ерөнхий сайд болсноосоо хойш удаан тэсэх шиг боллоо.
Туулын хурдны замын дуулиан, иргэдийн гаргаж тавьсан баримтууд, олон нийтийнхээ эсрэг намын ажилтнуудаа турхирсан багахан дажин, нөөцийн махны үнийг кг тутамд 3000 төгрөгөөр дур мэдэн нэмсэн явдал, брожурын наймаа, өндөр дүнтэй тендэрүүдийн хэт урд хөрш рүү ханарсан нүүдэл гэхчлэн НЯМБААТАРЫГ тойрсон олон ужиг асуудал Монголын ЧИХИЙГ ХАЛУУЦУУЛЖ ирсэн.
Бас ч гэж ажил хийдэг гэх имиж нь түүний алдаа болгоныг уучилж, толгойг нь илэх шалтгаан болох учиргүй. Энэ чинь "Муу сурдаг ч гэсэн идэвхтэй юм хөөрхий" гээд ангийн дарга болгосноос ямар ялгаатай гэж? Эцэст нь яав, хотын мээр нь махны үнийг үзэгний үзүүрээр нэмж байхад хотноос нь зөөдөг ченжүүд бүр хэд нугалаад өсгөнө биз дээ.
Монголчуудын стратегийн хүнс болох махаар хаврын хариг цагт ийнхүү тоглосон Нямбаатарын нүүдэл 2008 онд С.Баярын Засгийн газрыг унагах гэж Женко Талх чихэрийн МИШЭЭЛ талхныхаа үнийг огцом 200 төгрөгөөр нэмээд, үнэ өслөө засаг огцор гэсэнтэй яг адилхан нүүдэл байлаа.
Үнэндээ бол Нямбаатар өөрөө "Нөөцийн махны асуудлыг манайх хариуцъя" гэж Засгийн газрынхаа урдуур орж, 21 тэрбумын санхүүжилт татсан юм билээ шүү дээ. Тэр үеийн мэдээллийг олоод хараарай. Тэгснээ үнэ нэмсэн. Нийслэлийн засаг дарга үнэ нэмэх бүх аргыг хэрэглэсэн байтал ЗАСГИЙН ГАЗАР нь хөдлөхгүй бол жинхэнэ асуудал дэгдэнэ биз дээ?
Тэгээд огцрох болонгуутаа "Бацаан аа, чамайг мэднэ ээ" энэ тэр гээд эргээд ноцдог гэнэ ээ. Төрийн ажилд хувь хүний хандлагыг ийнхүү гаргаснаараа УЛСТӨРЧ болох яагаа ч үгүй гэдгээ харууллаа. Одоо тэгвэл 21 аймгийн Засаг дарга нар байр суурь нь хөдлөнгүүт Ерөнхий сайд руугаа иймэрхүү байдлаар ноцоод байх уу?
Эх адаг, эрүү толгой нь хаана ялгарах юм? Удирдах, удирдуулах зарчим яах юм? Ерөнхий сайдыгаа хэн дуртай нь сөрөөд, нийслэлээ маниустай хамт аваад Эрээн рүү нүүх үү? Засаг дарга нь аймгаа аваад ууланд бүгэх үү? Ямар хамжлага ардаа аваад, хаанд өөрийгөө өргөмжлөөд явчихдаг бага хаадын үе үү?
Яаж хагарч талцсан ч Засагтаа захирагдаж, Төрдөө багтаж л үзээрэй дээ...Сүрэгтээ багтаж адуу, сүрэндээ багтаж улстөрч болно шүү дээ.


