Төрийн ажил төрлийн гарт атгаастай, тархи баздаг танил хэдэн аргатай, авдар ухдаг ахан дүүсийн сүлжээтэй.
Ардын нам уруудаж доройтоод, айлын хүүхдийн асуудлыг бага хурлаараа хэлэлцдэг болсон уу? Эрх баригч нам эвэр туурайдаа бүдрээд, эрх залуусын зардлыг их хурлаараа ярьдаг болсон уу?
Хамтарсан засгаар барьцаалж байгаад халаасны хэргээ аварна гэнэ үү? Хэдэн төслөөрөө шантаажилж байгаад хэтэвчний хэргээ аргална гэнэ үү? Нэг хүн явангуут хэвтэрт орчихдог төрийг ямар төр гэдэг юм?
Ганц хүн буунгуут гацаад хэвтчихдэг төслийг ямар төсөл гэдэг юм? Төрийн ажил төрлийн гарт атгаастай, түмний амьдрал хамаатнуудын олгойд тээглээстэй. Тархи баздаг танил хэдэн аргатай, авдар ухдаг ахан дүүсийн сүлжээтэй.
Намын цагаан байрандаа айлын худын асуудал хэлэлцэх нь дутав уу? Төрийн саарал ордондоо төрлийн сүйн бөгж жинлэх нь дутав уу? Хувийн студийн өрөөнд улсын хэрэг шийдээд удлаа. Амины албан өрөөнд ардын тавиланг дэнслээд удлаа. Одоо болно, бага хүний явдлыг балчиг шаварт нь үлдээ, их төрийн хэргийг Их Засагт даатга! Зуудаг нохойноос айдаг зуун хорин зургаа юу?
Боргодог нохойнд дарлуулдаг болжмор зүрхтэй гишүүд үү? Үг хэлэх эрх чөлөөг чинь үргээлэгний багаараа намнуулдаг болжээ, харж байна. Үзэл санааны үе хойчийг чинь өс хонзонгоор дарамталжээ, үзэж байна. Олигархуудаар айлгаж байгаад олоон жил дарангуйлна гэнэ үү, олон түмэн тэднийг чинь олоод байранд нь тавина.
Баялгийн сангаар хуурч байгаад баастай бурхан шиг тахиулна гэнэ үү, залуу үеийнхэн замаа өөрсдөө засчихна. Намыг чинь намхан болгожээ, өрөвдөв.
Төрийг чинь төлөг болгожээ, халаглав.