Тэрээр “17 нас хүрсэн төрсөн өдрөөрөө төв номын сангийн үүдэнд ганцаархнаа сууж байсан юм. Бүх найз маань цуглаад намайг хүлээж байгаа байх гэх мэтийн юм бодоод явж байсан юм. Гэтэл огт тийм юм болоогүй.
Зарим нь утсаар мэнд хүргээд зарим утсаа ч аваагүй. Яагаад ч юм тэр өдөр би хэнд ч хэрэггүй хүн шиг мэдрэмж авч билээ. Яахав бүгд л миний төрсөн өдрөөс илүү чухал ажилтай байсан биз.
Тэгээд хэсэг гутарч сууж байгаад гэртээ харьсан. Гэтэл эмээ минь надад хуушуур, нийслэл салат хийгээд хүлээж байж билээ. Нулимс нүд дүүрч эмээ өвөөтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэсэн. Одоо бодоход хамгийн нандин төрсөн өдөр минь байж. Хоёр буурал минь одоо байхгүй ээ.
Тэр өдөр би хоёр зүйл ойлгосон юм.
Нэгт намайг хайрладаг хүмүүсийг хайрлаж тэдэндээ цаг, заваа зориулах ёстой юм байна. Хоёрт хүний амьдралд гологдох, ганцаардах үе олон таарна. Тэр болгонд сэтгэлээр унаж доошоо ороод байж болохгүй юм байна гэдгийг ойлгож билээ.
Өнөөдөр миний төрсөн өдөр.
Намайг хайрладаг, надад сайныг л ерөөдөг ийм олон хүн байгааг мэдрэх дэндүү сайхан байна. Та нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний хайрыг дааж итгэлийг алдахгүй байхыг хичээнэ ээ.
Эцэст нь тэнгэрээс харж байгаа эмээ өвөөдөө хандаж хэлэхэд ХҮҮ НЬ САЙН ЯВАА.


