Ц.УРТНАСАН: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО ЛУЙВАР БИШ

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Ардчилсан намын Дэд дарга Ц.Уртнасан ингэж нийтлэв.

Тэрбээр “Олон нийтийн сүлжээнд нийгмийн даатгалын тогтолцоог луйвар хэмээн бичиж, тэтгэврийн хүрэлцээгүй байдлыг далимдуулан олон нийтийг төөрөгдүүлж буйтай таарав.

Манай гарагийн 177 орчим улс оронд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжтой бөгөөд эдгээр нь улс орнуудад төрийн нийгмийн хамгааллын хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлж байна.

Мөн Дэлхийн нийгмийн хамгааллын холбоо www.issa.int -д 165 орны 340 гаруй нийгмийн хамгааллын байгууллага гишүүнчлэлтэй юм.

Товчдоо НҮБ-ын гишүүн орнуудын 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын тогтолцоог хуульчлан иргэдийнхээ нийгмийн хамгааллын эрхийг хангаж буй тул Луйвар гэж хэчнээн сүржигнээд ч бодит үнэнтэй нийцэхгүй юм.

Хүн бүр амьдралдаа тодорхой эрсдэл, хүндрэлтэй нөхцөл (өвчлөх, өндөр насанд хүрэх, тахир дутуу болох, ажилгүйдэл, жирэмслэлт, осолд өртөх гэх мэт)-д ТӨРӨӨС болон нийгмээсээ дэмжлэг, тусламж авах баталгаатай эрхтэй билээ.

Ядаж хэн нэгэнд хүндрэл учрахад Хамт олноороо хэдэн төгрөг цуглуулж өгдөг л биз дээ. Үүнтэй л ижил агуулгатай.

Өдгөө Улс орнууд эв санааны нэгдлийн зарчим буюу нийгмийн гишүүд нь бусдынхаа амьдралд тохиолдсон нийгмийн эрсдлийг хуваалцаж, орлогын хомсдолыг хамтдаа үүрэлцэх зарчмыг мөрдөж буй нь нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын тогтолцооны тулгуур зарчим болж байна.

Нийгмийн даатгалын тогтолцоо нь нийгмийн даатгалын санд их шимтгэл төлсөн нь бага цалинтайгаа дэмжинэ, эрүүл нь өвчтэй нэгнийхээ эмнэлгийн зардлыг хуваалцана, залуу нь ахмад настнаа дэмжинэ, ажилтай нь ажилгүй нэгнийхээ орлогын алдагдлыг нөхөхөд дэмжих зарчимтай.

Нийгмээрээ иргэдийнхээ амьдралын баталгааг хангах, ядуурал, орлогын ялгааг бууруулах, эрсдлийг ганцаараа бус хамтаараа үүрэх зорилго бүхий нийгмийн даатгалын тогтолцоог банкны хадгаламж, хувь хүний хуримтлалтай адилтгаж ойлгох боломжгүй.

Нийгмийн даатгалын тогтолцоо нь Хувь хүн бүр яг өөртөө ашиг хүртэх хэмжээгээр бус, нийгмийн нийтийн ашиг тус, тогтвортой байдалд хувь нэмэр оруулж, нийгмийн эв нэгдэл, хамтын хариуцлага, нийгмийн шударга ёсыг хангах зорилготой юм.

Нийгмийн даатгал нь Хүн ямар хэмжээний шимтгэл төлсөн бол түүнтэй тэнцүү хэмжээний ашиг хүртэх эквивалент зарчим бүхий хувийн даатгалын тогтолцоо бас биш.

Тиймээс нийгмийн гишүүдийнхээ нийгмийн хамгааллын баталгааг хангах, ядуурал, орлогын зөрөөг бууруулж тэтгэвэр, тэтгэмж олгох зорилго бүхий нийгмийн даатгалыг Хувь хүний санхүүгийн хуримтлалыг буй болгож, эрсдлээс хамгаалах хувийн даатгалын тогтолцоотой дүйцүүлэн буруутгах нь боломжгүй.

Гэхдээ манай нийгмийн даатгалын тогтолцоо асуудалгүй, сайн сайхан байгаа биш нь үнэн.

Өнөөдөр тэтгэвэр нь хүрэлцээгүй, инфляци, амьжаргааны өртгийн өсөлттэй уялдаж нэмэгдүүлэх зохицуулалт хийгдээгүй, нийгмийн даатгалын сангийн менежмент сул, улс төрийн нөлөө их байгаа зэрэг бэрхшээлүүд байгаа нь үнэн.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) хэт өндөр, үр дүн багатай ч санагдаж байгаа байх.

Монголчууд бид цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос НДШ-ийг ~24% төлдөг бол дэлхийн улс орнуудад дундажаар ~15-40%-иар НДШ төлж байна.

Дэлхийн тэтгэвэр нь хүрэлцээтэй гэж үздэг Италид ~33%, Грек, Финляд, Польш, Францид ~26-31%, Испани ~28-37%, Швед ~28%, Их Британид ~24%-иар НДШ төлж байна.

Үндэслэлгүйгээр нийгмийн даатгалын тогтолцоог үгүйсгэх нь иргэдийн итгэлийг алдагдуулах, цаашдаа улс орныхоо нийгмийн хамгааллын тогтолцоог сулруулах эрсдэлтэй юм.

Нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн 30 жилийн хугацаанд ~270k хүнд дунджаар ~15 жилийн турш өндөр насны тэтгэвэр олгосон нь үр дүн биш гэж үү.

Дээрх зардлыг Улсын төсвийн нуруу дээр үүрүүлсэн бол нийгэм, эдийн засгийн олон хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд Засгийн газарт бэрхшээл үүсэх байсан нь лавтай.

Үндэслэлгүй ташаа мэдээлэлд итгэж, нийгмийн даатгалын боломжийн хажуугаар өнгөрч буй олон хүмүүсийн нас өндөр болсон өдрүүдийн орлогын хомсдлын балагийг өөрөө л үүрч гарах нь харамсалтай.

Цаашид нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн урсалыг олон нийтэд нээлттэй ил тод болгож, тайлагнах, тэтгэврийн тогтолцоогоо сайжруулж, “өнөөдөр төлсөн шимтгэл маргааш алга болчихгүй” гэсэн итгэлийг бий болгох, Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага дахь улс төрийн нөлөөллийг бууруулах, нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр эрсдэл багатай, баталгаатай хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх боломж олгох, иргэд, даатгуулагчдынхаа итгэлийг сэргээх зэрэг арга хэмжээ дутагдаж байна.

Өнөөгийн дарга нарт сандал суудал нь чухал болохоос хийе, бүтээе гэсэн сэтгэл зүтгэл дутаж, хүсэл зориг төрөхгүй л байх шиг байна.

Ер нь тэгээд хүмүүст сонголт хийх боломж олгож, хувийн тэтгэврийн санг сайн дураар, олон нийтийн хяналттай ажиллуулах ч боломж бас бий.

Өөрийн эрх, үнэт зүйл, өөрийн аз жаргалаа чухалчилдаг энэ цагийн хүмүүсийн хувьд нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо ойлгомжгүй байж болно.

Гэвч бид дэлхий нийтийн нийтлэг жишиг хамтын үнэ цэнийг, харилцан туслалцах нийгмийн соёлыг орхигдуулж огтоос болохгүй билээ” гэв.