Эрчим хүчний салбар бодлогын хямралд орж, сүүлийн таван жилд 10 ажилтан амиа алджээ

Цаг үе

2025-06-05

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Монголын эрчим, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлээс Дулаан гуравдугаар цахилгаан станцад гарсан осол болон үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд эрчим хүчний салбарт нэр төртэйгөөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд 30 секунд хүндэтгэл үзүүллээ. Сүүлийн таван жилд эрчим хүчний салбарт ажил үүргээ гүйцэтгэж байгаад 10 хүн алтан амиа алдсан байна.  

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж: Цаашид эрчим хүчний салбарт осол аваар гарах нь цаг хугацааны асуудал. Ийм ажлын байранд хүн ажиллах уу гэдэг асуудалтай нүүр тулж байна. Сэтгэл сайтай, ажилдаа дуртай хэсэг нөхдийн нуруун дээр гал алдахгүй явж байна. Салбар үйлдвэрчний эвлэлээс 2020 оноос хойш эрх баригчдад шаардлага хүргэж байгаа ч шийдэж, шийдвэрлэж байгаа нь тун ховор байна. Цалин хөлс нэмэгдүүлж, насжилт өндөртэй, өнөө маргаашгүй зогсох эрсдэлд орсон техник технологийн засвар үйлчилгээг нэн даруй хийх гэсэн үндсэн хоёр шаардлагыг тавьсан. Гэтэл үнэ тарифын нэмэгдлээс орж ирсэн 500 тэрбум гаруй төгрөгийг шинэ эх үүсвэр барихад зарцуулж байна гэж яриад байгаа. Шинээр эрчим хүчний эх үүсвэр бий болгох шаардлага байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ тэрийг нэг жилийн дотор биш урт хугацааны бодлогоор шийдэх асуудал. Тулсан техник технологийн засвар үйлчилгээгээ хийгээгүйгээс осол аваар гарч, хүний амь хохирч байна. Дахин ийм явдал гарахгүй байгаасай гэсэн үүднээс хариуцлага нэхэж шаардаж байна.

Төсөв байхгүй биш байгаа. Харьцуулж яръя. Соёл спорт аялал жуулчлалын төсөв 2023 онд 316 тэрбум, эрчим хүчний салбарын төсөв 256 тэрбум, 2022 онд соёл спорт аялал жуулчлалын төсөв 575 тэрбум, Эрчим хүчний сайдын төсөв 468 тэрбум, 2025 онд соёл спорт аялал жуулчлалын салбарын төсөв 525 тэрбум, эрчим хүчний салбарын төсөв 298 тэрбум буюу үндсэндээ хоёр дахин бага байгаа юм. Энд, төсөвт мөнгө байна шүү дээ. Өнөөдөр талбай дээр гаднын инфлүүнсер авчраад бичлэг хийлгэх нь чухал юм уу, эрчим хүч дулаантай байх нь чухал юм уу. Ирэх өвөл дулаантай байх эсэх нь эргэлзээтэй боллоо. Улаанбаатар хотын дулааны 32 хувийг хангадаг 50 мигаваттын генератор нь засвар авахааргүй эвдэрчихлээ. Хотоороо хөлдөх юм уу. Гэрт нь тоггүй байхад гадаа тоглолт үзээд явах юм уу. Эвдэрсэн генераторыг шинэчлэхэд 100 сая ам.доллар шаардлагатай гэж байгаа. Мөнгийг нь яаж ийгээд шийдчихлээ гэж бодоход суурилуулахад багадаа 24 сарын хугацаа шаардана. Тэр хүртэл яаж амьдрах вэ гэдэг асуудал байна. Чухал ач холбогдлоор нь төсвөө ангилаад, эрэмбэлээч ээ л гэдэг зарчим яримаар байна.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат: Эрчим хүчний салбар өнөөдөр засаглалын хямралд орсон. Ажиллаж байгаа компаниуд нь ч, салбар ч хямралд орсон. Төр засгаас энэ салбарт реформ хийнэ, тулгамдсан асуудал боллоо гэж ярьсан. Гэтэл бодит байдал дээрээ энэ бүхэн нь засаглалын хямрал руу гүнзгий орууллаа. Эрчим хүчний яам нь бодлогоо барьж чадахаа больж, бүх том төслөө Эдийн засгийн хөгжлийн яаманд өгчихсөн. Засгийн газрын дэргэд Эдийн засгийн хурдасгуур төв гэж байгуулаад тэнд бүх бодлогоо өгчихсөн. Реформ хийнэ гээд Эрчим хүчний үндэсний хороо байгуулаад тийшээ бодлогоо өгчихсөн. Хуулийн шинэчлэлийн бодлогын асуудлыг Эрчим хүчний яам хариуцдаг болохоос нэг гишүүн, Ажлын алба шийднэ гэж байхгүй. Яам маань бодлогын бүх асуудлаас хойш суулаа. Эрчис монгол гэх компани байгуулаад эрчим хүчний бүх компаниудыг тэнд зангидна гээд явсан. Юу ч шийдсэнгүй, бодлого нь энд тэнд салан задгай болчихлоо. Эрчим хүчний сайд бүх бодлогоо базаагүйн гай гарч байна. Гуравдугаар сард байгуулсан Эрчис Монгол гэх компани руу бүх хариуцлагыг үүрүүлэх гээд яриад сууж байна. Энэ салбарт аюулгүй байдал алдагдчихаад байхад реформ ярьсан Шадар сайд, том дарга нар бүгд дуугүй байна. Ийм засаглалын хямрал эрчим хүчний салбарт нүүрлэлээ. Энэ хямрал нь одоо ажиллах хүчний асуудал бол хувирлаа. Хүнээ, ажиллах хүчээ бодсон нэг ч ажил, нэг ч томилгоо хийгдсэнгүй. Мэргэжлийн бус, нам дагасан томилгоо л хийлээ. Дарга нар нь солигддог байсан бол одоо бүр дордоод инженер техникийн ажилчдыг сольдог болсон.

Хүний амь нас хамгийн чухал. Шийдвэр гаргахдаа аюулгүй байдлыг хангах ёстой, та нар үүнийг хийх ёстой гэж ярих биш, та нарыг аюулгүй нөхцөлд бид ажиллуулах ёстой гэж нэг ч сайд дуугараагүй. Тиймээс үе үеийн сайд дарга нар энэ бүх хариуцлагыг хүлээх ёстой. Бодлого барьдаг яам нь бодлогоо барьж, хүчтэй засаглалыг хэрэгжүүлмээр байна.

ДЦС-3 ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран: Юуны өмнө хамт олноо төлөөлж зургаадугаар сарын 1-ний шөнийн ослын үеэр амь насаа алдсан талийгаачийн гэр бүл үр хүүхэд төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Манай байгууллага нэгэн шилдэг инженерээ, хамт олон маань сайн найзыгаа, ахыгаа, дүүгээ алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Манай станц нийтдээ 128 МВт-ын хүчин чадалтай, 13 зуух, 9 турбинтэй. Төвийн эрчим хүчний системийн 13 хувийг, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32 хувь, Улаанбаатар хотын үйлдвэрлэлийн уурын 47 хувийг хангаж ажилладаг. Нийт 1001 ажилтантай. 2025-2026 оны өвлийн ачааллын бэлтгэл ажлыг хангах хүрээнд манай байгууллага зургаадугаар сарын 1-ий шөнө бүрэн зогсолт хийх, зургаадугаар сарын 2-ны өглөөнөөс засварын ажлаа эхлэхээр төлөвлөсөн. Энэ төлөвлөлтийн дагуу зургаадугаар сарын 1-ий шөнө тоноглол зогсоох үеэр аваар гарч, гал гарсны улмаас нэгэн ажилтан маань амь насаа алдлаа. Хамт олны хувьд сэтгэлзүйн хүнд нөхцөлд төлөвлөгөөт засварын ажлаа хийж байна.

Энэ үйлдвэрлэлийн ослыг мэргэжлийн байгууллагууд судалж, эцсийн дүгнэлтийг гаргана. Тиймээс би ослын талаар дүгнэлтийг энд ярихгүй. Харин осол гарахад нөлөөлж байгаа хүчин зүйл, нөхцөл байдал ямар байгааг ярина.

1.  Өнөөдрийн хүртэл Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага болох Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны алдаатай шийдвэрийг ажилтан нуруундаа ирлээ. Цалин хөлс, техник, технологийн шинэчлэл, эрүүл ахуйн аюулгүй байдлыг ажилтнууд өөрсдөө л хариуцаж байна. Асуудал ярихаар мөнгө хөрөнгө дээр очоод гацаж байна. Өнөөдрийг хүртэл хэнд харьяалагдаж, хэн биднийг удирдаад байгаа тодорхой биш байна.

2. Эрүүл ажиллаж, амьдрах баталгаа алга. Үүнээс бол олон шилдэг ажилчдаа алдаж, хүний нөөцийн дутагдалд орсон. Эрчим хүчний салбар бол онцлог салбар. Хэн нэгэн мэргэжлийн бус хүн ирээд ажиллах боломжгүй. Шинээр ажилтан аваа сургаж, дадлагажуулахын тулд хамгийн багадаа гурван сараас нэг жил хүртэл хугацаанд дагалдуулж сургадаг. Гэхдээ ажиллах хүн ирэхгүй байна, одоо ажиллаж байгаа нь шантарч байна.

3. Техник тоног төхөөрөмжийн дүрмүүд шинэчлэгдэж гарахгүй 3-4 жил болж байна. Ажлын хэсэг байгуулсан гэдэг ч дагаж мөрдөх дүрэм журам алга. Шаардлагатай засвар үйлчилгээгээ хийж чадахгүй, чадлын дутагдалд орсон байна. Гэмтэл гарлаа гэхэд техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны дүрмээ мөрд биш, улаан гараар нь, хүчээ завсар хий гээд оруулдаг. Энэ аюул өнөөдөр ч, маргааш байна. Ийм айдастай ажиллаж байна.  

Тиймээс салбарын нийт ажилтнуудадаа хандан, Хөдөлмөрийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж өндөр эрсдэл, аюултай орчинд байгаа бол ажил үүргээ гүйцэтгэхгүй байхыг уриалж байна. Амь нас хамгийн нэгдүгээрт гэдгийг бодолцож ажиллана уу. Хүний эрх зөрчигдөж байгаа ийм асуудалд салбарын нийт ажилчдаараа нэгдээд тэмцэхийг уриалж байна.

Эх сурвалж: itoim