Р.Эмүжин: Хүүхний явдалд нэр хувааж, нүүрсний хэрэгт нүүр хуваадаг хоёр бацаан ардчилсан парламентаар шал арчихгүй шүү

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

Улсаасаа илүү намтай, хуулиас илүү хулгайчтай байгаад хаана хүрдэг юм, хоёр оо!


За хүүхний хэрэгт нүүр хувааж, нүүрсний хэрэгт нэр хувааж өнөөг хүрсэн чинь ерөөс хамаагүй шүү, хоёр оо.

МАН гэдэг энэ улс төрийн хүчнийг та хоёр үндсэндээ 2009 оноос хойш атгалаа, алчуур болголоо, амбан болж даргаллаа, алиалагч болж заллаа. Одоо та хоёр хоёулаа томорсон байна, тонгойж чадахаа больсон байна, хэн хэнээсээ хамаараад, хэт холыг харахаас айдаг болсон байна.

Их хурлын даргын суудалдаа ихээхэн цадсан байна, энэ сандлыг хөдөлгөж бас болдог юм шүү. Ерөнхий сайдын албандаа ер бусын ихээр шунасан байна, энэ сэнтийг сэлгэх ээлж ирдэг юм шүү.

Нам удирдлаа гээд удирдагч болдоггүйг харлаа, төр улсаа түрийнээс доош үздэг юм байна. Улс төрийн хүчин заллаа гээд лидер болдоггүйг нотоллоо, эх орноо эрхийн чинээ үздэг юм байна.

Ерөнхий сайдын чинь хулгай энэ хүрээд дүүрэв, Их хурлын дарга таны аймхай хулчгар чанар адагтаа танигдав. Намын нэр хүнд гэдэг үлгэр зохиогоод, намхан дээрээ номхон болов.

За арай өөрөөр асууя.

МАН-ын Монгол Улс юм уу? Бөмбөрцгийн Монгол Улс юм уу? Та хоёрын үеийнхэн татварт дарлуулж тартагтаа туллаа, залуу үеийнхэн төв талбайдаа 20 хоног жагсаад төрсөн бие цуцлаа.

Ихэрхэх чинь дэндэв, ижлээ олсон хулгайчууд юм уу?

Томрох чинь дэндэв, тоглоом нийлсэн гарууд юм уу?

Улс чинь улс биш болов, Засаг чинь Засаг биш болов, Төр чинь түмнийх биш болов. Дахин хэлье, хүүхний явдалд нэр хувааж, нүүрсний хэрэгт нүүр хуваадаг хоёр бацаан ардчилсан парламентаар шал арчихгүй шүү.

Итгэл хүлээлгэх тухай гэж ихээхэн эрхэлж нэг нь өргөдөл үйлдээд, итгээд үзье гэж нөгөөх нь өвдөг сөгдөн угтаж байгаа юм байна. Хулгайч эцгийн гэрийн хэргийг хуулийн дээр гаргаж, төрийнхөө парламентаар хэлэлцэх нь өөрөө түмний гутамшиг.

Монголын ардчилал энэ хоёр хүний үед шившиг туулж, ичгүүр гатлах нь ээ. Шалтгаан нь МАН-ын нэр хүнд юм гэнэ. За уучлаарай, улсаасаа илүү нэр хүндтэй намтай байгаад яадаг юм, хулгайчийн дор бөхийдөг хуультай байгаад хаана хүрдэг юм, харъя!

Үнэнчээр хөдөлмөрлөж байгаа үеийнхээ залуусаас ичиж амьдар, үнэний мөрөөр алхаж яваа шинэ цагийнхнаас айж амьдар! Үхэхийн цагт үлдээсэн хөшөө чулууг чинь хилэгнэсэн ард түмэн хэдэн хэсэг хагалж бутлаад жалганд хаяж жарандаа шившиглэнэ, тэгдэг жишээ тэртэй тэргүй бий.

Тэгээд юу гээч, төгсгөлөө мэдэхгүй ихэрхэх муухай, төөрснөө ойлгохгүй ихэмсэглэх бүүр муухай, нэртэйгээр нь тэврэлдээд үнсэлцэээч!

Нэрээ нүүрсэнд, алдраа айдаст барьж өгөв үү, бод. Улсаа өрөнд, төрөө төмсөгөнд тавьж өгөв үү, сана!

Хулгайг харсаар байж өөгшүүлсэн нь өөрөө хулгайчаасаа илүү золиос, худалчаасаа илүү зовлон авчирдаг юм шүү, мэдэж ав!