Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/302 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүний хээрийн дадлага, сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтын хүрээнд Онцгой комиссын бүрэлдэхүүнийг “Цуглар” зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан бөгөөд объектын болон ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, гал түймэр үүсэх шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хууль эрх зүйн хариуцлагын талаар мэдээлэл хүргэлээ. Мөн анхан шатны тусламж үзүүлэх, гал унтраагуур ашиглах, хийн түлшний аюулгүй хэрэглээний талаарх онол, дадлага хосолсон сургалт зохион байгуулж, ой, хээрийн болон өнжмөл шар өвсний гал түймрийг унтраах дадлага, сургуулилалт хийв.
Түүнчлэн Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас өндрөөс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулилалт зохион байгуулсан юм.
Тус дадлага, сургалт нь урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааны үеийн удирдлага, зохион байгуулалт, хамтын ажиллагааг сайжруулах, болзошгүй эрсдэлийн үед шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.













