БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 19-ний орой тусгай онгоцоор Бээжин хотод хүрэлцэн ирж, Хятад улсад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.
19-ний шөнийн 23 цаг 12 минутад Владимир Путины тусгай онгоц Бээжингийн олон улсын нисэх буудалд газардсан байна. Энэ нь Путины Хятад улсад хийж буй 25 дахь айлчлал юм. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны сайд Ван И нисэх буудалд очиж угтан авчээ.
Айлчлалын үеэр Хятад, Оросын төрийн тэргүүнүүд хоёр талын харилцаа, олон салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцох юм.
Путины энэ удаагийн айлчлалын талаар Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад улсын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын стратегийн удирдлага дор шинэ эрин үеийн Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтвортой, гүнзгий хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж байна. Мөн энэ нь хоёр орон болон хоёр орны ард түмэнд бодит үр өгөөж авчрахаас гадна дэлхийн стратегийн тогтвортой байдал, олон улсын шударга ёсыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байна.
Энэ жил Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосны 30 жил, “Хятад, Оросын сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээ” байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд мөн “Хятад, Оросын боловсролын жил”-ийг эхлүүлж буй жил юм.
Хоёр тал үүнийг шинэ боломж болгон ашиглаж, Хятад, Оросын харилцааг илүү гүн түвшин, өндөр түвшинд хөгжүүлэн, дэлхий дахинд илүү их тогтвортой байдал, эерэг эрч хүч авчрахаар зорьж байна гэжээ.
Via: Дэлхийн цаг


