Тэрбээр “Өнгөрсөн өдрүүдэд Өмнөговь аймгийнхаа гурван суманд ажиллаад ирлээ. Ханбогд сумын "Үлэмжийн чанар" соёлын төвд иргэдтэй уулзалт хийж, сум орон нутгийн өнөөгийн нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцаж явлаа.
Говийн бүс нутгийн томоохон стратегийн ач холбогдол бүхий хөгжлийг тодорхойлох сум бол яах аргагүй Ханбогд.
Тус сумын нутагт байх Гашуунсухайт боомтоор хил дамнасан төмөр замтай болох бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа тул цаашид Ханбогд сумын хөгжил дэд бүтэц, хөл хөдөлгөөн улам нэмэгдэж, асуудал шийдэл ч мөн тэр хэмжээгээр ихсэх нь тодорхой.
Оюутолгойн орд, зүүн хойд талдаа Цагаан суваргын алт, зэсний орд, зүүн тийшээгээ Хармагтайн орд, хойд талдаа Цогтцэций сум Тавантолгойн уурхай гээд Монгол орны томоохон хөрөнгө оруулагч, төсөв санхүү бүрдүүлэгч том уул уурхайнуудын гол, төв хэсэгт нь байрлаж байгаа Ханбогд сумын хувьд ард иргэдийн уулзалт хийх бүрд ус, бэлчээр, уул уурхайн нөлөөлөл, орон нутгийн иргэдийн давуу эрх, мал малчдын ахуй амьдрал цаашид хэрхэх гээд ярилцах сэдэв маш өргөн хүрээтэй байдаг.
Зөвхөн уул уурхай дагасан бус, тэргүүлэх чиглэлийн бусад салбараа хөгжүүлэх талаар сүүлийн жилүүдэд Ханбогд суманд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг орон нутгаас шийдвэрлэсээр ирсэн билээ. Цаашид ч мөн Ханбогд сумын төлөө ард иргэдийнхээ бодлыг тэргүүнд тавьж ажиллах болно.
Сайхан хүлээж авсан та бүхэндээ талархал илэрхийлье” хэмээлээ.