ХЭН ЮУ ХЭЛЭВ| Ц.Уртнасан: ДАРГЫН ДАРАНГУЙЛАЛ ДАВАРЛАА

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Тэрээр ингэж хэлэв.

"Монголчууд бид хүлцэнгүй ард түмэн. Энэ нь заримдаа тэсвэр тэвчээр, уужуу зангийн илэрхийлэл мэт сонсогддог ч бодит байдал дээр олонтаа сул тал болон хувирч, нийгэмд дарангуйллын олон хэлбэрийг өөгшүүлсээр байна.

Ялангуяа төрийн байгууллагад нэг дарга томилогдон ирээд дураараа аашилж, хүмүүсийг халж сольж, үнэт зүйлсийг нь бусниулж, байгууллагын уур амьсгалыг айдас хүйдэс, тал засах, долигнох явдал уруу хөтлөх нь ердийн үзэгдэл болж.
 
Гэвч ийм үед олонх нь дуугүй байж, хэлээ хазаж яваагийн гайгаар байгууллага бүхэнд даргын дарангуйллыг хүлцэн тэвчсэн, хохирсон хүмүүс олон байх юм. Харамсалтай нь, хүмүүс нэгдэж эрхээ хамгаалах бус, нэг нэгээрээ даргын үүдийг сахиж, өөрийн асуудлаа ганцаараа шийдүүлэхийг илүүд үзэж байна. Энэ нь даргын дур зоргийг улам өөгшүүлж, нийгмийн нийтлэг үнэт зүйлсийг бүдгэрүүлж, хамт олныг улам бутаргаж, хүмүүсийн итгэл найдварыг үгүй хийж байна.
 
Нэгийг нь халхад бусад нь чимээгүй өнгөрвөл маргааш дараагийнх нь өөрөө болохыг хүмүүс төдийлөн ухаардаггүй. Хүмүүс өөрсдийн хууль ёсны эрх, нийтлэг үнэт зүйлсээ хамгаалж хамтдаа зогсох соёл сул байхад дарангуйлал амархан хэлбэрждэг.
 
Харин хүмүүс эрхээ мэддэг, бие биеэ дэмждэг, хамтын үнэт зйүлс, байр сууриа хамгаалж, илэрхийлж чаддаг бол ямар ч дарга ганцаараа бүхнийг шийдэх боломжгүй л дээ.
 
Хуулийн засаглал гэдэг зөвхөн тунхаглал биш, харин иргэдийн хамтын хүсэл зориг, хичээл зүтгэл дээр тогтдог тогтолцоо. Өнөөдөр манай нийгэмд зоригтой эсвэл эрээ цээргүй ганц хүн бус, нэгдэж чаддаг олон хүчирхэг хүмүүс хэрэгтэй байна.
 
Дуугүй, хүлцэнгүй хүмүүс олон даргыг дарангуйлагчийн хүчээр сэлбэдэг бол нэгдмэл олон хүмүүс хууль ёсыг хүчтэй болгоно. Нэг нэгээрээ хувиа бодож, довоо шарлуулдаг өнөөгийн нийгмээс хамтдаа шударга ёсыг шаарддаг нийгмийг зорих аваас даргын дур зоргийн удирдлага орон зайгаа алдах нь лавтай юм.
 
Даргын дарангуйллын хэлбэр бүрийг өнөө үгүй хийхгүй бол бидний хойч үеийнхэн даварсан даргын үүдэнд ганцаараа суусаар байх болно.
 
Даварсан дарга нарын дарангуйллыг хамтдаа сөрөн зогсоцгоо, Хүмүүс ээ" хэмээжээ.