Сэлэнгэ аймагт цагдаагийн ажилтнууд гэрээсээ дайжиж зугтсан 13 настай охиныг хүчиндсэн гэх мэдээлэл 2024 оны дөрөвдүгээр сард олон нийтэд цацагдсан.
Улмаар хэрэгт холбогдогчдыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн. Мөн тус аймаг дахь Цагдаагийн газрын удирдлагад хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлж байв.
Тус хэргийн нэг холбогдогч О.Элбэгсайханы үйлдлийг гурван шатны шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эцэслэн шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг дэх “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял оноосон.
Тэгвэл 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр үлдсэн гурван хүн болох хэсгийн байцаагч, дэслэгч Н.Энхтөр, ахлагч О.Энхболд, Э.Баярцолмон нарын шүүх хурлууд тус тусдаа болжээ. Улмаар Н.Энхтөр, О.Энхболд нарыг 13 настай охиныг хүчиндсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял шийтгэжээ.
Харин Э.Баярцолмонг цагаатгасан байна.