Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 604 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, сумын заан Цэдэнбалжирын Баярсайхан анх удаа 10 даван түрүүлж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Ихэр Мөнх ХХК, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, сумын заан Дорждэрэмийн Сундуй үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, "Дүнжингарав" дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Б.Золбаяр шалгарсан бол дунд шөвгийн тавд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, "Эв Монгол клуб"-ын бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Э.Бат-Өлзий, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх, сумын заан П.Нямжав нар шалгарлаа.
Бага шөвөгт Өвөрхангайн заан Н.Бат-Эрдэнэ, Дундговийн заан Д.Мягмаржав, Өвөрхангайн заан Д.Саранцогт, Говь-Алтайн заан Л.Отгонбаяр, Увсын заан Ц.Бямбацогт нар үлдэв.
Мөн НТВ телевизийн хамт олон уламжлалын дагуу түрүү бөхөд 2,0 сая, үзүүр бөхөд 1,0 сая, гуравт үлдсэн бөхөд 500.000, тавд үлдсэн хоёр бөхөд тус бүр 250.000 төгрөгийн бай шагнал өргөмжлөлийн хамт гардууллаа.
Маргааш 13:00 цагаас Монгол цэргийн өдөрт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой Чансаа өндөр 128 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО



