УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Дээрэлхэлт, хүчирхийллийн ямар ч тохиолдолд сургуулиас түр түдгэлзүүлэх шийдвэр байдаг

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Тэрээр “Нэг охиныг бүлэглэн зодсон тухай мэдээ сонслоо. Италид ийм тохиолдолд ямар арга хэмжээ авдаг талаар судаллаа. Тэнд насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн бол хохирлыг зөвхөн хүүхэд биш, эцэг эх нь бүрэн хариуцаж барагдуулах үүрэгтэй байдаг юм байна.

Харин 14–17 настай бол эцэг, эх нь хохирлыг төлөхөөс гадна хүүхэд өөрөө ч хариуцлага хүлээдэг. Хэргийн шинж чанараас хамаарч тусгай хүмүүжлийн байгууллагад байрлуулж хүмүүжүүлэх хүртэл арга хэмжээ авдаг байна.

Мэдээж хэрэг, шийтгэл нь хэргийн хүнд, хөнгөнөөс шалтгаална. Гэхдээ дээрэлхэлт, хүчирхийллийн ямар ч тохиолдолд ихэнхдээ хамгийн эхний арга хэмжээ нь сургуулиас түр түдгэлзүүлэх шийдвэр байдаг гэж байна.

Миний хувьд ч олон жилийн өмнөөс хүүхэд хамгааллын бодлогоос гадна дээрэлхэлтийн эсрэг тусгай бодлого хэрэгтэй гэдгийг ярьж ирсэн. Учир нь дээрэлхэлт бол зүгээр нэг “хүүхдүүдийн маргаан” биш. Энэ бол ирээдүйн хүчирхийлэл, гэмт хэргийн эхлэл болдог ноцтой нийгмийн асуудал.

Хүүхэд буруу зүйл хийсэн бол зөвхөн хүүхэд биш, гэр бүл, сургууль, нийгэм бүхэлдээ хариуцлага хүлээдэг систем л ийм асуудлыг багасгадаг болов уу гэж бодож байна. Би Боловсролын яаманд дээрэлхэлтийн эсрэг бодлоготой байхыг сургуулиудад хэрэгжүүлээч гэж бичиг хүртэл явуулсан. Зарим нь ч тэгээд нохой хуцсаны чинээ ч тоохгүй юм” гэлээ.