Сүхбаатар дүүрэг: ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Хурлын эхэнд Худалдан авах ажиллагааны албаны дарга Д.Батсүх 2026 онд хэрэгжих, хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний явцын талаарх мэдээллийг танилцуулав. Дүүргийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 64,8 тэрбум төгрөгийн 79 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар худалдан авах ажиллагааны гэрээ байгуулсан 17, сонгон шалгаруулалт хийгдэж буй 13, баримт бичиг боловсруулалтын шатанд 13 төсөл арга хэмжээ байгаа аж. Үүний дараа Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Пүрэвдорж төр, захиргааны барилга байгууламжуудад галын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах төлөвлөгөөт хяналт, шалгалт хийсэн тухай танилцуулгыг хийлээ. Уг хяналт, шалгалтад нийт 33 төр захиргааны байгууллага хамрагдсан бөгөөд 45 зөрчлийг газар дээр арилгуулж ажилласан байна. Шуурхай хурлын төгсгөлд Засаг дарга М.Алтангэрэл дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,

• Худалдан авах ажиллагааг эрчимжүүлж 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дуусгах

• Нийслэл, дүүргийн төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах

• Газар чөлөөлөлтийн ажилтай холбоотой хог хаягдлыг цэтэвлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх

• Нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэж, гэмтээсэн тээврийн хэрэгслийг бүртгэх ажлыг зохион байгуулж, мэдээллийг тогтмол танилцуулах

• Нутаг дэвсгэрийн хэмжээн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх

• Нутаг дэвсгэр дэх байгууллагуудын гаднах өнгө үзэмжгүй хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгаж цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудад газар дээр нь хяналт тавьж, зөрчлийг арилгуулах ажлаа эхлүүлэх

• Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.