Сүхбаатар дүүрэг: “ЧАДВАРЛАГ БАГШИЙН ТУСЛАХ-2026” уралдааныг зохион байгууллаа

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Дүүргийн төрийн өмчийн 36 цэцэрлэгийн багшийн туслахын ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах, бүтээлч арга, туршлага солилцох, шинэлэг арга зүйг илрүүлэх зорилгоор “Чадварлаг багшийн туслах-2026” уралдааныг 3 үе шаттай зохион байгууллаа.

“Чадварлаг багшийн туслах-2026” уралдааны дүүргийн шалгаруулалтыг 25 дугаар цэцэрлэг дээр зохион байгуулагдсан бөгөөд арга хэмжээнд ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг оролцов. Тэрбээр, уралдааныг нээж хэлсэн үгэндээ “Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийг хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд олон ажлыг хэрэгжүүлэхээр тусгасаны нэг нь дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороонд дөрвөн давхар “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв” барихаар ажиллаж байна.

Цэцэрлэгийн багш түүний туслах бол бага насны хүүхдэд яг ээж, аавын нэгэн адил хайр, халамжийг мэдрүүлж, тухайн хүүхэд ямар хоолонд дуртай, юу илүү сонирхлыг татдаг гэдгийг хамгийн сайн мэддэг дотны хүн нь. Бид багш, мэргэжилтнүүдээ чадавхижуулахад онцгой анхаарч, хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг үргэлж дэмжиж ажиллана” гэсэн юм.

Дүүргийн шалгаруулалтад бүс тус бүрээс шалгарсан 14 багшийн туслах хүүхдийн хөгжлийг дэмжих ур чадвар, гоо зүй, урлаг, бүтээлч сэтгэлгээ, хувь хүний хөгжлийн ур чадвар гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд өөрсдийн сонгож бэлтгэсэн үлгэрээр жүжигчилсэн тоглолт, урлагийн авьяас, ажил мэргэжлийн чиг үүргийн мэдлгээ сорин удирдамжид заасан хэрэглэгдэхүүнээр бүтээл хийж шилдэгээ тодруулсан юм.

Энэхүү уралдааны шүүгчээр “Бага насны хүүхдийг дэмжих төв” ТББ-ийн сургагч багш А.Нарангэрэл, А.Анхмаа, Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн гишүүн, 135 дугаар цэцэрлэгийн арга зүйч Ч.Эрдэнэсувд нар ажиллалаа. Нийт дөрвөн шалгуур үзүүлэлтийн нэгдсэн дүнгээр I байрт 51-р цэцэрлэгийн багшийн туслах Б.Чагсалдулам, II байрт 17-р цэцэрлэгийн багшийн туслах Б.Уянга нар шалгарч, нийслэлийн түвшний шалгаруулалтад оролцох эрхтэй болов.

Уралдааны эхний таван байрыг тодруулан дүүргийн Засаг даргын “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар урамшууллаа.