УИХ-ын гишүүн Х.Булгантуяад хилийн хориг тавиад байна.
Тухайлбал Нийслэлийн прокурорын газраас Х.Булгантуяаг Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ирүүлснийг тус шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Харин тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Х.Булгантуяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.


