Ардчилсан намын Дэд дарга Ц.Уртнасан ингэж нийтлэв.
Хүн төрөлхтөн олон гайхамшигтай зүйл бүтээсний нэг нь өнөөгийн ХИЙМЭЛ ОЮУН УХААН (AI) билээ.
AI нь хүний оюун ухаан, биеийн чадамжаас олон зүйлээр хол давуу талтай тул бид дийлж барахгүй өрсөлдөгчөө өөрсдөө бүтээчихсэн мэт санагдана.
Хүн төрөлхтөн хамгийн хүчирхэг өрсөлдөгчөө өөрөө бүтээчихэв үү?
Бид олон цаг зарцуулж байж хийдэг инженерчлэл, өгөгдлийн тооцоог AI хоромхон зуур, алдаа мадаггүй гүйцэтгэнэ.
Түүнчлэн асар их мэдээллийг уншиж боловсруулж, ангилан дүгнэлт гаргахдаа бидэн шиг ядрах, сульдах, анхаарал сарних, эргэлзэх, сэтгэлээр унах гэж мэддэггүй.
AI 24/7 тасралтгүй, тогтвортой ажиллана.
Эмнэлгийн шинжилгээний зураг унших, эд эрхтэний согог илрүүлэх, үйлдвэрлэлийн процессийн алдаа мадаг олж харах зэрэгт биднээс хавьгүй нарийн, нягт тооцоотой байж чадна.
Бидний байнга давтдаг уйтгартай ажлуудыг алдаагүй, хурдан хийж чадахаас гадна өнөөдөр боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, үйлчилгээг AI-гүйгээр төсөөлөшгүй болжээ.
AI мөн бидний нүдэнд үл анзаарагдах уялдаа холбоо, зүй тогтол, хандлага, эрсдэлийг өгөгдлөөс олж харна.
Үүний зэрэгцээ байгууллагын зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг сайжруулах итгэлтэй “ажиллах хүч” болон төлөвшиж байна.
AI бол одон тэмдэг, цалин цагаа, чөлөө халаа нэхдэггүй, ажлаас хоцордоггүй, тамхины цэг дээр хов ярьдаггүй, хүмүүсийг ялгаварладаггүй, лайв хийж бусдыг гутаадаггүй, хууль зөрчдөггүй, сувдаг шуналгүй.
Тоочоод байвал сайн тал зөндөөн.
AI мөн уул уурхайн гүн, цацраг идэвхт бүс, тэсрэх аюултай орчин, сансар огторгуйд хүртэл биднээс хавьгүй илүү аюулгүй ажиллана.
Харин бид насаараа оролдсон ч чадаагүй зүйлсийг AI хоромхон зуур хийж орхиж мэднэ.
Зарим үйлдлээрээ хүнтэй харьцуулахын аргагүй бүтээлч, эцэж цуцашгүй, гайхалтай бүтээмжтэй өрсөлдөгчтэй болчихсон мэт санагдана, хүмүүс бид.
Гайхамшигтай нь загварчлах сэтгэлгээ, алгоритмчлал, программчлал, системчлэл, их өгөгдлийн менежментийг ХҮМҮҮС өөрсдөө бүтээсэн билээ.
Гэхдээ Хүмүүс бид
хайрлах, энэрэх сэтгэлээрээ,
эрхэмлэн сахиж ирсэн үнэт зүйл,
ёс зүйгээрээ,
амьдралыг өөрчлөх бүтээлч сэтгэлгээгээрээ,
хүн хоорондын бүлээн дулаан харилцаагаараа
AI-аас ялгарсаар байх болно.
AI-ийн эрин хүмүүсийг бие биедээ хандах хүнлэг харилцаа, хүний үнэ цэнэ, хамтач сэтгэлгээ, хандлагыг эрхэмлэх ирээдүй рүү биднийг дөтлүүлнэ гэдэгт итгэнэ.
Юутай ч оюунт хүмүүн таны амаргүй өрсөлдөгч, хүчирхэг хамтрагч хормоос хоромд орон зай, цаг хугацааг эзлэн бойжсоор байна даа, базарваань.
Photo by AI
.jpg)


