ДЭЛХИЙД| Хятадын Гадаад харилцааны яам Венесуэлийн нөхцөл байдалд байр сууриа илэрхийллээ

Цаг үе

2026-01-05

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Хятадын Гадаад харилцааны яам Венесуэлийн нөхцөл байдал болон Латин Америктай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
 
1 дүгээр сарын 5-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, Венесуэлийн нөхцөл байдал болон Латин Америктай холбогдох асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
Линь Жянь хэлэхдээ, АНУ Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний гэргийг хүчээр хяналтдаа авч, улсаас нь гаргасан явдалд Хятадын тал маш их анхаарал хандуулж байна. Энэ нь олон улсын хууль болон НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмыг илт зөрчсөн үйлдэл юм. Мадуро ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн хувийн аюулгүй байдлыг бодитоор хангаж, нэн даруй суллах, Венесуэлийн засгийн газрыг ганхуулах оролдлогоо зогсоож, зөрчил маргааныг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг Хятадын тал Америкт хандан уриалж байна гэжээ.
 
Мөн тэрбээр, Хятадын тал Венесуэлийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, Венесуэлийн засгийн газар дотоод асуудлаа хуулийн дагуу зүй зохистойгоор шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
 
Хятад–Венесуэлийн газрын тосны хамтын ажиллагааны талаар Линь Жянь онцлохдоо, энэ нь бүрэн эрхт улсууд хоорондын хэвийн хамтын ажиллагаа бөгөөд олон улсын хууль, хоёр улсын хууль тогтоомжоор хамгаалагддаг. Венесуэлийн дотоод нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамааран, Хятадын тал хоёр орны бүх салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх байр сууриа хадгалж, Венесуэл дэх Хятадын хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн дагуу хамгаална гэв.
 
АНУ Куба болон бусад улс оронд чиглэсэн сүрдүүлгийн шинжтэй мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан Линь Жянь хэлэхдээ, Хятад улс Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгийг энх тайвны бүс хэмээн тууштай дэмжиж, бусад улсын бүрэн эрх, аюулгүй байдалд халдах, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох аливаа үйлдлийг эрс эсэргүүцнэ.
 
Латин Америк, Карибын орнууд өөрсдийн хөгжлийн зам, хамтын ажиллагааны түншүүдээ бие даан сонгох бүрэн эрхтэй бөгөөд Хятад улс тэдэнтэй эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар сорилт бэрхшээлийг даван туулж, хамтын хөгжилд хүрэхэд бэлэн гэв.
 
Source: Дэлхийн цаг