Серик, Базылхан лугаа монгол хэлээ сайтар сурагтун.
Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид монголчуудын нутаг ус байсан юм шүү. Баян-Өлгийн КАЗАКУУД иргэншлээ солиулан Казакстанд суурьшиж үзлээ, Монголын төрөөс илүү ээлтэй, ивээлтэй байсан гэж бодохгүй байна.
Манжийн дарангуйллыг сөрөн байгуулагдсан Богд хаант Монгол Улсын үед, Богд хааны соёрхлоор КАЗАКУУДАД энэ газар нутагт ханаа дугуйлах эрх олгосон гэдэг. Тухайн үед Богд хаант Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, дагаар орсон хэн бүхний дэмжлэг тулгар төрөө бэхжүүлэхэд хэрэгтэй байсан, түүхийн эл хүнд эргүүлгийг бие биенээ түшиж давсан нь үнэн. Гурван зууны колоничлолын дараах он жилүүд шүү дээ.
Харин одоо Баян-Өлгийн КАЗАКУУД маань тэр Б. Серик заан шиг, хэл шинжлэлийн доктор Б.Базылхан нартай адил монгол хэлээ багаасаа сайн сур, монгол хэлтэй сургуулиудаа өргөжүүл, тэгээд соёл боловсрол, хөгжлийн төлөө улс оронтойгоо хөл нийлүүлэн алхах хэрэгтэй.
Базылхан гуай бол МОНГОЛ-КАЗАК хэлний 60 мянган үгтэй толь бичиг хийхэд амьдралынхаа 35 жилийг зориулсан, баруун хязгаарт тусгаарлагдсан мэт хаягдаад байгаа КАЗАКУУДДАА хэлний гүүр босгох гэж хичээсэн юм шүү дээ. Монгол хэлгүйдээ баригдаад хүүхэд залуусын чинь олонх нь улсаа ухаарахгүй, төрдөө төрөлсөхгүй байна.
Гэтэл бүргэдтэй КАЗАК анчдын удам гагцхүү Монголд л үлдсэн юм шүү, үнэ цэнээ үргэлжлүүлэн уламжлахад чинь хана мэт хаацайлж, салхи мэт чөлөөлсөн нь Монгол Улс л даа. Аа тийм, КАЗАК эрчүүд шашныхаа ёсыг дээдлээд архи уудаггүй, МОНГОЛЧУУД архигүй хандлагаас нь суралцах хэрэгтэй.
Харин КАЗАКУУД нас барсан хүндээ байшин сав барьж, оршуулгын газраа МОНГОЛЫН зарим сумын төвөөс том болгож сүр үзүүлдэгээ цаашдаа болимоор байна. Дэлхий ертөнц өөрчлөгдөж, үүнийг дагаад оршуулгын ёслол ч шашин, хэл, угсаа үл харгалзан байгалд ээлтэй болсоор байгааг ойлгомоор байна даа.
Энэ талаар КАЗАК залуус ч өөрсдөө дуугардаг болсон байна билээ. Баян-Өлгийгөөс сонгогдсон Аубакир, Зулпхар, Жангабыл гишүүд нь ч хоёр ард түмнийхээ дунд холбоос болох үүргээ сайтар биелүүл дээ.
Улсаа ухаарахгүй, төрдөө төрөлсөхгүй дайжаад, үргээд байдаг явдалдаа өөрсдөө дүгнэлт хийх цаг нь болсон, спорт, оюуны салбарт төрсөн КАЗАК зүтгэлтнүүддээ л лав МОНГОЛЧУУД хир халдаах дургүй.
Нэг улс юм бол улс шиг л бай, тэгвэл хайр аяндаа ирнэ.
Улс доторх улс шиг байвал харин хатуу…


