“ХЭН ЮУ ХИЙВ” сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Дүүргийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 51 сургуульд 49850, 59 цэцэрлэгт 11 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ.
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн цахим бүртгэл 99.2 хувьтай байна. Энэ онд нийтдээ дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих, засвар шинэчлэлтийн хүрээнд 29.3 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа.
Боловсролын байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд сургалтын тоног төхөөрөмж өнөөгийн хэрэглээний шаардлагыг хангах ёстой. Технологийн хөгжил хурдацтай хөгжиж буй өнөө үед загвар хуучирч, хурд удааширсан компьютертой байгааг багш нар хэлдэг.
Иймд дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр төрийн өмчийн 19 сургуульд 199ш багшийн зөөврийн компьютерийг хүлээлгэн өглөө.