Р.Эмүжин: Дансыг чинь хааж байгаад авсан татвар даварсан тансаглалд үрэгджээ!!!

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


За гэрийн явдлаа төрийн хэрэг, хувийн асуудлаа улсын хэрэг болгож, бүхэл бүтэн тусгаар улсын Парламентаар брэндийн цүнх, бэрийнхээ бэлзэг бөгж, унаа машиныг хэлэлцүүлэхдээ тулж байгаа энэ хүн Монгол Улс аль хэдийнэ Назарбаев цаашаа дарангуйлагчтай, Саддам цаашаа садизмтай болсны илрэл болж байна даа.

#Баялгийн сангийн нэгэнт батлагдсан хуулиар далайлгаж байгаа нь даанчиг ичгэвтэр шалтгаан бөгөөд монголчуудад нэг удаа тараасан хувьцааны нийт мөнгө энэ хүний хүүд хамааралтай 1.0 тэрбумын үнэтэй машины өртөгт ч хүрсэнгүй.

#Намынхаа бага хурлын 300 гишүүний 600 нүд, чихний өмнө Хамтарсан Засгийн газар ажиллахгүй тохиолдолд би огцорно гэж мэдэгдээд араар нь тавьж, амьсгаан дээр нь хулхидсан худалч Ерөнхий сайд маань өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, цаашлаад УИХ-ын 126 гишүүнийг хошгируулахаар хор найруулж, хов хутгаад хоёр долоо хонов.

#Өөрийнхөө орлогыг 20 хоногт нотолж чадаагүй байтлаа өрөөлийн орлогыг хоёр хоногт нотлуулахаар улайрав. Ерөнхий сайдын нотлогдоогүй орлого ердийн иргэний нотлоогүй орлогуудаас илүү хорлонтой лдоо.

Энэ хугацаанд 51 хувийг нь эзэмшдэг хувийн продакшндаа 1.2 их наяд төгрөг шилжүүлсэн байж болзошгүй, улмаар уг продакшн нь тус бүр 1.5 тэрбумын аяллын хоёр Benz загварын машин авсан гэх мэдээллүүд ар араасаа цацагдсаар өнөөг хүрэв.

#Жагсаалд оройлон оролцогчдыг алуурчин, хулгайч, хүчирхийлэгч, луйварчин болгон бүх мэдээллийн сувгаар балбав. Босоо хөхийн шилийн муу эрсийг түрээслэн дайралт хийлгэж, төв талбайдаа түмнийхээ цусыг урсгахдаа тулав.

#Мега төслүүд Монголд хэрэгтэй юү, хэрэгтэй. Гэтэл 33.0 их наядын төсвийн ердөө 10 хүрэхгүй хувийг мега төслүүдэд зарцуулахаар тусгасан нь энэ хүний үнэн төрх, өчүүхэн санаа байлаа.

#Бүх төрлийн татвар нэмэв, татвараа төлөөгүй байгууллага, компаниудын дансыг хааж байгаад хурааж авав, гэтэл иргэдийн төлсөн татвар Соёлын яамаар дамжин олон улсын инфлүзэрүүд гэх хүмүүст хэдэн сая долларын нууцлал бүхий гэрээгээр хүрч, Англид хөл бөмбөгийн багийг Монгол Улс 10 буюу түүнээс дээш сая ам.доллараар ивээн тэтгэсэн байж болзошгүй баримтыг сэтгүүлчид гаргаж тавив.

#Ядуу улсын баян Ерөнхий сайд болон түүний ахын багтааж ядан цацаж буй сая сая доллар, Лондонд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 14 хоног тухлан байж жүжгээ тавихдаа гаргасан зардал, 60 хувь хүртэл хямдруулж зарсан тасалбар зэрэг шоубизнесийн ертөнцөд байж боломгүй алдагдал нь дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж, Азийн Монголд дахин нэг дарангуйлагч төрж буй үйл явцыг чимээгүй ажиглаж байна.

#Монгол залуус ажил хайн Солонгост харлаж, монгол хүүхдүүд цэцэрлэгийн сугалаанд азаа үзэж байхад Холливудын одоос ч илүү зардалтай Ерөнхий сайдын гэр бүлийн тансаглал, түүнийг эсэргүүцсэн залуусын жагсаалыг Английн The Guarden, Японы Асахи агентлаг, Солонгос, Австралийн телевиз сонинууд мэдээллээ. Том гүрнүүдийн ард түмэн төлсөн татвар нь ийм баян Ерөнхий сайдтай Монгол руу тэтгэлэг, хандив болж очиж байсанд эгдүүцэн гайхлаа.

#Орлогоо нотлохыг шаардсан залуус 20 хоног талбай дээр тайван жагсав, эрхэм Ерөнхий сайд 20 хоног бултав, булзав, зугтав, зууралдав. Эрх баригч намаа хулхидаад, эрх барьдаг Парламентаа хошгируулахаар суваг болгоноор тархи угааж, сураг болгонд хавх тавив.

#Зургаан жил зуурсан жонхуугаа 20 хоног хусавч, арилах нь байтугай улам тодров. Энэ хооронд тархи угаалт бүх төвшинд өрнөв. Хайртай охиндоо хамаг байдагаа зориулдаг аав, ээжүүдийн дүрүүд гэнэт амилж, Херопагандагийн тавилттай жүжгүүд өрнөж, Өгөөдэй гэх хүн хоёр хоногт гурван өөр дүрд хувирч, эцэстээ О-гийн рейтинг манай гаригаас хальсан гэх хуурамч судалгааны дүн гаргаж шидэв.

#Бэрийн брэндийн цүнх, тэрбумын машин, 20 саяын шилжүүлэг, түрээсийн нисдэг тэргийг хэн ч мартаагүй, мартахгүй! Эрх баригч намынхан хараагүй, үзээгүй гээд нүд чихээ бөглөсөн ч, Их хурлын гишүүд нь энэ хүний ичгүүрийг илээд өнгөрөөсөн ч, эгэл ард мартдаггүй юм!

#Эцэст нь энэ бүхэн бүүр юу ч биш, эдүгээ улсаараа уначихаад байгаа эдийн засгийн гүн хар нүх Жасрай гуайн атгахыг хүсч байсан хонгилын үзүүрийн гэрлийг ч үгүй хийх хэмжээнд хүрэв!