Сүхбаатар дүүрэг: ҮНДЭСНИЙ БИЧГИЙН тэмцээн зохион байгуулав

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Монгол хэлний тухай хуульд заасны дагуу өнгөрөгч 01 дүгээр сарын 01-нээс төрийн бүх шатны байгууллагууд албан хэргээ кирил болон үндэсний бичгээр хослон хөтөлж эхэлсэн.

Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас албан хаагчдынхаа дунд “Эрхэмлэн дээдлэх бичиг мину” үндэсний бичгийн тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь төрийн албан хаагчдын үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, өв уламжлалыг хадгалах, өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, үндэсний бичгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

“Эрхэмлэн дээдлэх бичиг мину” үндэсний бичгийн тэмцээнд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн мэргэжилтнүүд болон 1-20 дугаар хорооны Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтнуудаас бүрдсэн тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй нийт 9 баг өрсөлдөв.

Багууд үндэсний бичиг, өв соёлын мэдлэг сорьсон асуултад хариулж, унших чадвар, цээжээр бичих, галигаас хөрвүүлэх, үг таах, албан бичиг монгол бичгээр боловсруулах, төрийн албан хаагчийн тангарагийг уран бичих гэсэн төрлөөр мэдлэг, чадвараа сорилоо. Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн тэмцээнийг 45, 16, 35-р сургуулийн Монгол хэл, бичгийн багш Ц.Солонго, Д.Сүрэнхорлоо, н.Анхмаа нар шүүн явуулав.

Үндэсний бичгийн тэмцээнийг 7 төрөлд авсан нийлбэр дүнгээр Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн “Тэнгэрийн бичигтэн” баг тэргүүлсэн бол II байрт Санхүү, төрийн сангийн хэлтсийн “Уйгаржин”, III байрт удирдлага, Архивын хэлтсийн хамтарсан “Сүлд”, тусгай байрт хорооны Зохион байгуулагчдын “Угсаатан”, Нийгмийн ажилтнуудын “Титэм” багууд тус тус шалгарлаа.