Р.Эмүжин: Үнэн хаана төөрснийг гэрчиллээ, үнэнийг санууллаа

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Тэд суусан, турхиралтанд автахгүйн тулд суусан. 1990 онд ч суусан, 2025 онд ч бас суусан.

Сууна гэдэг бол ямар ч хамгаалалтгүй болно гэсэн үг.

Гэвч тэд суусан. Ар нуруу бөөр рүү нь өшиглөж байсан, бүсэлж хэдэн арваараа архайж зогсоод шахаж байсан, түлхэн унагааж байсан, арын эгнээнийхний хөл гар дээр гишгэж байсан, гэвч тэд суусаар байсан.

Зөвхөн дуу хоолой сонсогдож,

-Орлогоо нотол, огцрох амархан гэж нэгэн хэмнэлээр хашгирч, тэр нэгдмэл дуу хоолойноосоо зориг авч байсан. Өөр тэдэнд юу ч байгаагүй. Сууж байгаа хүн зодуулна уу гэхээс зодож чадахгүй.

Цохиулж нударгалуулна уу гэхээс хариу үйлдэл хийж амжихгүй. Гэвч тэд суух сонголтыг хийсэн. Тэгж байж ес хоногийн шаардлагаа цэх босоо авч үлдсэн.

Үймээнийг хүсээгүй, үнэнийг хүссэн гэдгээ нотолсон. Тэднийг суусан өдрөөс нь эхлэн доромжилсон, тал бүрээс нь дайрсан, гурил цацсан, татварын байцаагч явуулсан, нэг нэгээр нь сугалан сошиал дүүжлүүрт өлгөсөн, гэвч тэд суусан.

Орой болгон харуй бүрийгээр, өмнөх жагсагчдын адил хүчинд автан ачигдахгүйн тулд, цагдаагийн хэсэгт байцаагдахгүйн тулд нар шингэхтэй уралдан Төрийн дуулалаа дуулаад тарж байсан, хамгаалалт нь ердөө л энэ байлаа.

Хэрэв тэд ийм тэвчээртэй, ийм хүлээцтэй суугаагүй бол өчигдөр төв талбайд, төрийн ордны өмнө иргэний мөргөлдөөн гарч, түмний цус нулимс урсах байлаа.

Шударга тав шиг шугаман эгнээнд 10 шинэ гэр бариулж байгаад жагсаагүй юм шүү.

Үүнийг хэзээ ч бүү март, ангал руу түлхэх мангасыг ард түмэн тэжээж байжээ.

Энэ суулт бол үнэн байлаа, үнэн хаана төөрснийг гэрчиллээ, үнэнийг санууллаа, үнэнийг авч үлдлээ!

1990 онд сөрөг жагсаал гэдэг эрсдэл байгаагүй, тэгвэл өнөөдрийн залуус аль алийг нь туулж гарлаа.