Олон улсын уурхайчин эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль, салбарын жендэрийн бодлогыг хэрэгжилтийг эрчимжүүлэх сарын аяны хүрээнд “Бидний мэргэжил, Манлайлал, Ирээдүй” арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо (ЭБЭХ), Тогтвортой хөгжил нийгмийн зөвлөл (ТНЗ), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Арга хэмжээг УИХ-ын гишүүн Б.Уянга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Хана Бекер нар нээж үг хэлэв. Дараа нь, Жендэрийн салбар зөвлөлийн гишүүн, жендэрийн үндэсний шинжээч О.Туяа "Эрдэс баялгийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг бэхжүүлж, хэрэгжүүлэхэд төсөл хөтөлбөрийн үүрэг" сэдвээр үндсэн илтгэл тавилаа.
Арга хэмжээний үеэр уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь охид, эмэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, манлайлал болон карьерын хөгжлийн асуудлыг хэлэлцэж, сайн туршлага, бодлогын шийдлүүдийг хуваалцлаа.
Хэлэлцүүлгээс охидын STEM чиглэлийн мэргэжлийн сонголтыг дэмжих, боловсролын байгууллага болон ажил олгогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажлын байрыг илүү хүртээмжтэй, аюулгүй болгох, жендэрийн мэдрэмжтэй мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг сайжруулах, сайн туршлагыг салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх шаардлага байгааг онцлов.
Оролцогчид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зөвхөн тэгш боломжийн асуудал бус, эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл болохыг тэмдэглэлээ.
Арга хэмжээ амжилттай болж өндөрлөсөн бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг салбарын бодлого, хүний нөөцийн хөгжил, хамтын ажиллагааны санаачилгад тусган хэрэгжүүлэхээр талууд санал нэгдэв.









