Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар “чөлөөлье” санаачилгын хүрээнд эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж буй.
Үүн дотор дэд бүтэц, аж үйлдвэрийн хөгжлийн суурь, эдийн засгийн тулгуур болсон эрчим хүчний асуудал багтаж буй. Иймд Ерөнхий сайдын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 94 дүгээр захирамжаар Ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, санал дүгнэлт, төсөл боловсруулж танилцуулах үүрэг бүхий Дэд ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн Геологи, уул уурхайн асуудал хариуцсан дэд ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахалж байна. Ажлын хэсгийн хуралдаан төрийн ордонд болсон бөгөөд Оюутолгой ХХК-ийн сэргээгдэх эрчим хүчний төслийн талаарх танилцуулгыг сонслоо.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тус төслийн талаар Эрчим хүчний яамнаас ямар нэгэн асуудалгүй гэх санал ирүүлснийг яриандаа дурдлаа. Геологи, уул уурхайн асуудал хариуцсан дэд ажлын удирдамжид:
5.1. “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд:
5.1.2.“Оюу Толгой” ХХК-ийн сэргээгдэх эрчим хүчний төслийг “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”- ний хүрээнд уялдуулж, санал дүгнэлт боловсруулах
гэж тусгасан.
Үүнтэй холбоотой 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр болох “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит 65 дугаар хурлаар “Оюу Толгойн сэргээгдэх эрчим хүчний төсөл - Сэргээгдэх эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрөх тухай” асуудлыг хэлэлцүүлэн, батлуулахаар төлөвлөсөн боловч хойшилж 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хэлэлцэхээр урьдчилсан тов гарсан байна.
Одоогийн байдлаар “Оюу Толгой” ХХК нь БНХАУ-ын Өвөр Монголын эрчим хүчний компаниас импортын цахилгаан эрчим хүч авч байгаа бөгөөд Сэргээгдэх эрчим хүчний төсөл нь 150 МВт-ын салхин цахилгаан станц, 50МВт батарей хуримтлуурын системтэй ба байршлын хувьд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.


